БАЙГАЛЬ НУУРЫН ЦУТГАЛ ГОЛУУДЫН ГИДРОХИМИ, ӨӨРӨӨ ЦЭВЭРШИХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

Authors

  • Б Батдулам Химийн тэнхим, МУИС-ШУС, Улаанбаатар, Монгол улс
  • О Болормаа Химийн тэнхим, МУИС-ШУС, Улаанбаатар, Монгол улс
  • В В Хахинов Биологийн тэнхим, Буриадын их сургууль, Буриад, ОХУ
  • М Кавахигаши Газарзүйн тэнхим, Токио хотын их сургууль, Токио, Япон улс

DOI:

https://doi.org/10.5564/pmas.v56i01.676

Keywords:

голын ус, цутгал гол, физик - химийн найрлага, байгалийн болон хүний хүчин зүйл

Abstract

Голын ус жил ирэх тусам байгалийн болон хүний хүчин зүйл, тэр дундаа хөдөө аж ахуй, үйлдвэржилт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн өөрчлөгдөж байна. Монгол орны гадаргын усны голлох эх үүсвэр нь Сэлэнгэ, Орхон, Туул голын сав газрууд бөгөөд эдгээр голууд нь дэлхийн хамгийн эртний цэнгэг уст нуур болох Байгаль нуур луу цутгадаг. Байгаль нуурын ус нь цутгал голуудын усны найрлага, шинж чанараас үл хамааран дэлхийн хамгийн цэнгэг уст нуур хэвээр хадгалагдаж байгаа нь олон эрдэмтдийн анхаарлын төвд байсаар байна. Энэ судалгааны ажлын гол зорилго нь Байгаль нуурын цутгал голуудын усны гидрохимийн үзүүлэлтийг тодорхойлж, Байгаль нуурт цутгал голууд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, голын усны өөрөө цэвэрших процессыг үнэлэх юм. Судалгаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт харьялагдах Сэлэнгэ, Орхон, Туул, Хараа, Ерөө, Буур болон Шарын голууд хамрагдсан болно.
Судалгаанд усны цахилгаан дамжуулах чанар (ЦДЧ), исэлдэн ангижрах потенциал (ИАП) болон ууссан хүчилтөрөгч (УХ) нь тус тус 0.194 - 0.294 mS/cm, (–33.5) - 15.5 мВ, 5.54 - 11.0 мг/л агуулгатай илэрсэн. Усны УХ - ийн агуулга Буур голоос авсан дээжинд Монгол Улсын гадаргын усны стандарт (MNS:4586 - 1998; УХ>6 мг/л) - аас бага тодорхойлогдсон. Энэ нь Буур голын урсац муу, замагжсаны улмаас агаарын хүчилтөрөгчийг шингээж чадахгүй байгааг илтгэнэ. Усны хатуулаг нь зөөлөн, зөөлөвтөр усны ангид багтаж (А.О.Алекины ангилал), эрдэсжилтийн хэмжээ нь дунд зэргийн эрдэсжилттэй (А.М.Овчинниковын ангилал) байгаа нь судалгаанаас харагдлаа.
Усны микроэлементүүдээс Al, Si, Fe - ийн агуулга бусад элементүүдээс харьцангуй өндөр байгаа нь дэлхийн царцдас дахь агуулга, хөрсний элэгдэл зэрэг байгалийн хүчин зүйл болон газар ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа, үйлдвэржилт зэрэг хүний хүчин зүйлээс үүдэлтэй байх магадлалтайг харуулж байна. Дээж авсан бүс нутагт нүүрс болон алтны уурхай, ус цэвэрлэх байгууламжууд байрлах бөгөөд энэ нь Монгол орны хөдөө аж ахуй, газар тариалангийн төв хэсэг юм. Хэдий тийм ч, усны рН, NO3- ион болон элементийн агуулга нь Монгол Улсын гадаргын усны стандарт (MNS:4586 - 1998) - аас хэтрээгүй байгаа нь сав газрын усны урсац, хур тунадас болон гүний усны тэжээгдэл сайн, голын усны өөрөө цэвэрших процесс хангалттай байгааг харуулж байна. Мөн голын усны чанарыг үнэлэх үүднээс усны чанарын индексийг тооцоолон үзэхэд, Орхон гол дээр хамгийн өндөр илэрсэн нь дээж авах үед хур бороо ихтэй, гол үерлэсэн, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас үүдсэн бохирдол, бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бүрэн цэвэршээгүй ус зэргийн нөлөөнөөс үүдэлтэйг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.
Abstract
2634
PDF
3495

Downloads

Published

2016-04-21

How to Cite

Батдулам, Б., Болормаа, О., Хахинов, В. В., & Кавахигаши, М. (2016). БАЙГАЛЬ НУУРЫН ЦУТГАЛ ГОЛУУДЫН ГИДРОХИМИ, ӨӨРӨӨ ЦЭВЭРШИХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА. Proceedings of the Mongolian Academy of Sciences, 56(01), 65–79. https://doi.org/10.5564/pmas.v56i01.676

Issue

Section

Articles